Г.АЮУРЗАНЫН ХҮҮРНЭЛ: ДОЛОО ДАХЬ НЬ СУДАСНЫ ЧИМЭЭ

Byambanyam Urtnasan
8 min readOct 8, 2015

--

СУДАСНЫ ЧИМЭЭН ДЭХ “БИТЛЗ”

Бүлэг бүрийнхээ эхэнд Шекспирийн “Гамлет”-ийн хэсэг, “Улисс” романы Стифен Дедалусын үг, Жак Деррида, Пауль Фейербендийн философи санаа, Раймонд Карверийн өгүүллэгээс эшилж, хайкү хэлбэрийн шүлэг шигтгэн, “Битлз”-ийн дуу, нэгэнтээ домог мэт хачирлан ярьж асан түүхээр дотоод холбоосыг мэтгэсэн тус роман Гомбо Махгал бурхны хөрөг, хасбуу тамганы дардаст хавтас шигээ өгүүлэмж, дотоод бүтэц, холбоосоороо этгээд ч “Битлз”-ийн дуунаас өөр “шинэ” зүйл байсангүй.

Зохиолч Г.Аюурзанын хүүрнэл зохиолын ес дэх бүтээл, бие даасан романы долоо дахь “Судасны чимээ” өнгөрсөн сард худалдаанд гарсан уран зохиолын номуудаас уншигчдын анхаарлыг хамгийн их татжээ.

Үүнийг нийгмийн сүлжээний хандлага, номын дэлгүүрийн бестселлерийн тавиур хялбархан батлаад өгнө. Зөвлөлтийн гарт нухлагдсан буриад зоны амьдралыг бөө мөргөлийн шүтлэгээр нээж, Шүгдэн шүтээний талаарх романаараа урд зүгийн монголчуудын өөрчлөлтийн талаар өгүүлж, Торгууд туулийн уламжлалаар монголчуудын сэтгэлгээний цар хүрээг эрэлхийлсэн зохиогчийн дараагийн буудал язгуурын Гомбо Махгал бурхан, хасбуу тамга, монголчуудын эм эмнэлгийн уламжлалт бариа засал, хэзээ ч эдгэшгүй ужиг болсон хайр сэтгэлийн шарх гэсэн гурван шугамаар өрнөсөн аж.

Шунал хүслийн хүлээсийг тасдаж тэвчээгүй Мэндээгийн эрэл, хайр дурлалынхаа шаналлаас хагацаж түвдээгүй Насаагийн амьдралаар голлосон зохиолд монгол эм эмнэлгийн уламжлалыг хадгалсан Алтан-Уул эмчийн дүр холбоос байдалтай буусан нь “Илбэ зэрэглээ”-гийн Бэгтэр, “Арван зүүдний өр” романы Тэнгис хоёрыг уулзуулахын тулд хүчээр “Цуурайнаас төрөгсөд”-өө бичсэн болов уу гэдэг хардлагыг сэдрээж, дахин тийн бодоход хүргэв. Насаагийн зохиомол түүх, “Илбэ зэрэглээ”-д Энхбатын бичсэн зохиомол гаргалгаанаас юугаараа ялгаатай вэ? Энэ бүхэн зохиолчид тавих асуулт биш. Зохиол зохиолчийн гараас гармагцаа уншигчийн гарт дахин бичигддэг гэсэн санааны илрэл гээд үлдээе.

“Судасны чимээ” романд ч зохиолчийн өмнөх зохиолуудад туссан ямар нэгэн зүйл, хэн нэгнийг хайх урт удаан хугацааны эрэл бий. Нэг нь бурхан, тамга мөшгигч Мэндээ, нөгөө нь өөрийгөө хайгч Насаа. Гэхдээ Мэндээ, Насаа, эсвэл Дондог, Дулмаа байх нь түүний зохиолд тийм ч чухал биш. Харин тэр эрлийн дунд танин мэдэхүй, түүхийн өгөгдлүүдээр баяжуулан, дүрүүдээрээ түүнийг холбон ямар нэгэн бие бодитыг бүтээдэг уламжлал Г.Аюурзанын зохиолд тогтжээ. Яг энэ байдлаараа түүний сүүлийн романууд дээд уруулдаа живэртэй, америк зохиолчийг санагдуулдаг болсон юм. Тонуулч, дээрэмчдийн бүлгийн нуусан эрдэнэсийн тухай домогт итгэгчдийн эрлийн талаар өгүүлэх “Алтан цох” тууждаа Эдгар По шинжлэх ухааны баримт, тооны ухаан, үлгэр домог, танин мэдэхүйн олон зүйлийг нэгтгэн ер бусын задлан шинжилгээ хийснээрээ декадентуудын эхлэлийг тавьсан хэмээн Өрнийн утга зохиолын талаарх бүтээлүүдэд бишгүй их бичжээ.

Харин “Судасны чимээ” Монголын эзэнт гүрний түүх, тэдний үлдээсэн биет болон биет бус соёлын элементүүд, төрийн түүх, баримт материал, судалгаа гээд дан ганц эрэл ч бус, танин мэдэхүй, түүхийн чухал баримтуудыг багтааснаараа онцлогтой юм. Насаагийн хайр сэтгэлийн эмгэгт харин шинэ зүйл үгүй. Илүү тодорч гарсан баримт, судалгаа, бичвэр сүлэлдээнээс бусдаар “Битлз”-ийн дууны давтамж олширч, тэдний тухай яриа л нэмэгдсэн байна.

Насаагийн “Битлз” сонсдог болсон нь ердөө л өмнөх дүрүүд шигээ ер бусын, бясалгагч, дотоодтойгоо тэмцэгч байлгах гэсэн бас нэг албадлага уу гэсэн асуултыг үүтгэнэ. Эцэстээ, “Битлз”-тэй “Судасны чимээ” дотоод уур амьсгалаараа Мүракамиг санагдуулсан нь ч бас л түүнтэй холбоотой биз.

ТЭРТЭЭ ОНЫ Г.АЮУРЗАНА

Ерээд оны дунд үед “Балчир шүлгүүд”-ээ барин утга зохиолд орж ирсэн Г.Аюурзана 2000 оны эхнээс хүүрнэл зохиолуудаа туурвиж, мета-романуудаа хэвлүүлэн, шилжилтийн босгон дээр өрнөсөн Монголын уран зохиолын шинэчлэлийн тэргүүн фронтод шоволзож, өдгөө утга зохиолын “том” гигант болжээ.

Түүний тухай утга зохиол судлаач С.Энхбаяр арваад жилийн өмнө, “Бид “Илбэ зэрэглээ” романаас уншигчдыг уяраан догдлуулж, сэтгэл зүрхнийх нь нандин утсыг хөндсөн, хүнд хэрэг болохуйц, хэрэгтэй тустай ямар нэгэн утга агуулга, үзэл санааг номлон ухааруулсан, ёс суртахууны болон нийгмийн хүмүүжилд нөлөөлсөн, нөлөөлөхийг эрмэлзсэн дуу хоолойг сонсохгүй бөгөөд “Зохиогч уг бүтээлээрээ уншигчдад юу хэлэх гэсэн бэ, зохиогчийн байр суурь үзэл бодол хаана байна вэ гэсэн уламжлалт сүрлэг асуултуудад хариу авах боломжгүй” гэж бичсэн байна.

Түүнчлэн шүүмжийнхээ төгсгөлд “Залуу уран бүтээлч Г.Аюурзанын мета-романууд нь шинэ зууны Монголын уран зохиолын үргэлжилсэн үгийн төрлийн өнөөгийн нүүр царай, ирээдүйн чиг хандлагыг бүрэн тодорхойлно” хэмээн итгэл дүүрэн дүгнэсэн нь хий хоосон хөөрөгдөл, эзнээ онож ядсан магтаал төдий байсангүй.

2002 онд хэвлүүлсэн “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, 2006 онд гаргасан “Амь тавьж буй шувууны далавч” мета роман нь шугаман өгүүлэмжээ дагаж явсаар “амар сайхандаа жаргадаг” түрүү үеийн сулхан романууд, үйлийн үрээ үүрээд, нүглээ эдэлж төгсдөг шашны уран зохиолын баригдмал агуулгаас өгүүлэмж, бичлэгийн хэлбэр, уран сайхны арга барил, үзэл санааныхаа хувьд илт ялгарсан нь өрнийн утга зохиолд дасаагүй уншигчдыг “үл ойлгогчид”, “хэт шүтэгчид” гэсэн хоёр туйлд хувааж орхисон талтай.

Ялангуяа тэр өөрөө хүүрнэл зохиолын төрөлд Монголын утга зохиолоос гялайх, гялтайх зүйл байхгүй хэмээн эрс зоримог ярьж эхэлсэн нь энэ заагийг тогтооход тодорхой хүчээр нөлөөлсөн биз. Тэр зааг сүүлд нэгтгэн хэвлэсэн “Гурамсан цадиг” (“Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” роман) түүврээр дамжин, 2010 оноос хойш бичигдсэн “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ” романаар өртөөлөн өнөөг хүрэхэд уншигчдын дунд багагүй хүлээлт үүсгэлээ.

Тэр зуур Г.Аюурзанын гэх утга зохиолын фанатуудын хүрээлэл үүсч, ямартай ч арван жилийн өмнө судлаачийн хэлсэн шиг “залуу зохиолч” бус буурь суурьтай бичээч болж амжив. Тэр хэмжээгээрээ ч зохиолын агуулга, арга барил хувьссан нь мэдээж.

“Гурамсан цадиг” нэрээр 2008 онд хэвлэгдсэн “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” харилцан шүтэлцээт зохиолууд “Илбэ зэрэглээ” романы дүр, “Уг түүхийн онцгой хувилбар” номын зохиогч Энхбат хүүдээ Бэгтэр гэсэн нэр өгснөөс үүдэн “Монголын Нууц Товчоо”-нд Тэмүжин Бэгтэрийг харваж хороосон үйл явдал дан ганц загас булаасны төлөөс биш, Бүх Монголын хаан суух далд санааны илрэл гэсэн зохиолчийн (Энхбатын) санаагаар баяжин гурамсан романы турш өгүүлэмжийг нэгтгэдэг.

Тэр үл ойлгогдох түүх, домгийн сэжим “Цуурайнаас төрөгсөд” романд гол баатруудын уулзах шалтгаан төдий үлддэг нь харин жигтэй. “Илбэ зэрэглээ” романы зохиол дахь зохиол буюу “Үхсэн хүний амьдрал” абсурд жүжиг, “Арван зүүдний өр” дэх өгүүлэгчийн өчил, зохиолын тайлбарууд гээд постмодерн утга зохиолын арга барил, шилжилтийн нийгэмд өсөж өндийсөн баатруудынх нь сэтгэлзүй, ямагт зохиолчийн оролцоогүй зохиол дотроо амьдрагч дүрүүд (утга зохиолын онолын хэлээр бол зохиолчийн үхэл (The death of the author ), хайр сэтгэлээс үүдсэн эмгэгтнүүд, ямар нэг зүйлийн эрэлд хатагчид, амьдралыг тэс хөндлөн дайрагчид бидний уншиж дадсан амьдралыг уран гоёор, уянгын халилтай дүрсэлсэн түрүү үеийн, эсвэл бүтэшгүй хайр сэтгэл, амьдралын улиг болсон давтамжийг өгүүлэх өнөө цагийн хүүрнэлүүдээс ялгарах нэгэн шинж юм.

ЗОХИОЛ ДАХЬ БИЧВЭРҮҮД

“Цуурайнаас төрөгсөд” романы төгсгөлд бүхнээс залхсан Тэнгис Байгал нуурын Туулайт арлыг зорьсон дээрх хэсгээс улбаалан “Бөөгийн домог” роман үргэлжилнэ. Зарим өгүүлэмжийн давхцал, сэдвийн хамаарлыг үл тооцвол Г.Аюурзанын харилцан шүтэлцээт романуудын эхний хэсгийг “Илбэ зэрэглээ”-нээс “Бөөгийн домог” хүртэл тооцож болно.

Гэвч хайр сэтгэл, бэтгэрэл, “Монголын Нууц Товчоо”-ны тухай агуулгаас бусдаар бичлэгийн арга барил, сэдвийн хүрээгээрээ “Бөөгийн домог” өмнөх гурван романаасаа тэс өөр санагдаж мэдэх юм.

Зөвлөлтийн хатуу дэглэмийн үед уламжлалт бөө мөргөл шүтлэгтэй буриадуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж, оюун санааных нь нэгээхэн хэсэг болсон шүтлэгийнхээ төлөөнөө хэрхэн тэмцсэн талаарх түүх, бөө мөргөлийн домог, зан үйл, өнгөрсөн үйл явдал, нийгмийн өөрчлөлт зэрэг баримтуудаар сүлж, зохиолын дүрүүдээ (өгүүлэгч) зөвхөн үйл явдлыг холбогч байдлаар авсан нь “бичвэр сүлэлдээн”-ий (intertextuality) роман хэмээн шууд тодотгоход хүргэлээ. Зохиол төгсөхөд дан ганц бөө мөргөл ч биш, шүтлэг бишрэлээр нэг угсаатны уналт хямралыг өгүүлснээрээ сүүлд хэвлэгдсэн романуудаасаа эл зохиолыг онцлон ярих шалтгааныг үүсгэж байна.

Массечусетсийн Технологийн их сургуулийн дэд профессор Б.Мандухай 2013 онд хэвлүүлсэн “Зовлонт онгод: Орчин цагийн монголын бөө мөргөл, дурдатгал, хүйсийн эрх тэгш байдал” (Tragic Spirits: Shamanism, Memory, and Gender in Contemporary Mongolia) бүтээлдээ “Буриадууд олон арван жилийн улс төрийн дарангуйлал, мөлжлөг доройтлыг эерүүлэх туслалцааг бөө мөргөлөөсөө эрж байсан” гэсэн нь “Бөөгийн домог” романы санаатай харгалдаж буй нь ч сонирхолтой юм.

Үүнээс хойш бичигдсэн дөрвөн ном ч бичвэр сүлэлдээний (intertextuality) романд хамаарна. Тухайлбал “Шүгдэн” романд Хятадын харьяан дахь монголчуудын итгэл үнэмшлийн өөрчлөлт, бидний төдийлэн ялгаж салгадаггүй буддын шашны урсгал, шүтээний учир шалтгаан гэсэн агуулгын дотор Дэ Вангийн бослого тэмцэл, Хятад, Төвдийн харилцаа гээд олон баримтыг сүлсэн байдаг.

“Шүгдэн” романы Сэржамц цагдаагийн өвөө нь Жангарч байсан. Далан бүлэг Жангарт нэвтэрчихээд харина аа гэж хэлүүлээд жингийн Торгууд руу яваад алга болсон нь “Цагаан хар улаан” романы үйл явдлын сэдэл болсон нь санаандгүй хэрэг биш. “Цагаан хар улаан”-ны булш, бунхан ухагч Мэндээ “Судасны чимээ” романы Алтан Махгал, хасбуу тамганы эрэлд хатсан мөнөөх Мэндээ гээд бодохоор зөвхөн ганц өгүүлэмжийн хүрээнд ч бүтээлээс бүтээлд агуулгаар сүлэн бичдэг нь нэг талдаа Г.Аюурзанын зохиолын зохиомжийн онцлог гэж болохоор байна.

Зохиолыг бичих арга барил зөвхөн зохиолчтой хамааралтай ойлголт бол зохиолыг хэрхэн ойлгох асуудал зөвхөн уншигчдад олгогддог бүрэн эрх гэсэн үг бий. Энэ бүрэн эрхээрээ Г.Аюурзанын романуудыг галлюцинатор реализм (Hallucinatory realism) буюу оюун санааны хийсвэр ертөнцийг зүүд, зөн совин, үлгэр домог, түүхээр дэвсгэрлэн өгүүлэх аргад хамаатуулан үзэх өчүүхэн “далд” санаа агуулж байна.

1970-аад онд урлагийн хүрээнд анх гарсан эл томъёолол 2012 онд Нобелийн индэр дахин сонсогдсон нь Хятадын зохиолч Мо Яаныг “Зохиол бүтээлдээ хийсвэр реализм буюу үлгэр тууль, түүх, орчин үеийн хүний амьдралыг чадварлагаар сүлж туурвисанд” гэж тодорхойлоход багтсан байв.Г.Аюурзанын романуудын бичвэр сүлэлдээнд эртний түүх, түүхэн үйл явдлуудыг орчин үеийн хүний амьдралаар холбон өгүүлдэг нь ийн “гүтгэхэд” шууд нөлөөлснийг нуух шалтгаангүй. Гэвч ямар нэг “изм” зохиолын онцлог амьсгал, үнэт чанар, эсвэл алдаа оноог дэнслэхэд хамаардаггүй бөгөөд уншигчдад чиг баримжаа болох төдийг нэмж хэлэх нь зүй билээ.

ХЭН Ч БИШ “ТЭД”

Туркээс төрсөн анхны Нобельтон Орхан Памукийг тодотгодог нэг өгүүлбэр бий. “Өрнө, Дорнын соёлын нөлөөн дэх төрөлх хот, тэр дундах хувь хүмүүсийн оршихуйг гайхалтайгаар товойлгон бичсэн” гэж.

Европын соёл иргэншил, Ойрхи Дорнод, Дундад Азийн заагт байрших, тэр чинээгээрээ соёлын нөлөөнд автсан Туркээс гадна эх газрын цээжинд, Өрнө, Дорнын соёлын нөлөөллийн хувьд яг ийм нөхцөлийг хүлээсэн орон бол Монгол. Тиймдээ ч Г.Аюурзанын зохиолын дүрүүд Дорно соёл буюу бурхны шашин, бөө мөргөл, нүүдэлчдийн язгуур соёл, түүхэн сурвалж, домог туульсаас алсарч ядан, заримдаа түүнийгээ ихэд үгүйлсэн, тэгсэн хэрнээ Өрнийн соёлын нөлөө артхаус кино, “Битлз”-ийн дуу, суурин иргэншилд хорхойтон дурлагсад байдаг нь сонин.

Бид хотын түүхээ гурван зуунаар тогтоож “метрополитан” гэж ярих болсон ч, Өрнийн соёлыг чөлөөтэй хүртээд 30-аад жилийг үдсэн ч хэдэн мянганаар тоологдох нүүдэлчдийн уламжлал, Дорно соёлын нөлөөнөөс гаралгүйгээр Өрнийн соёлд шимтсэн хосолмол “шинэ” иргэншлийг бий болгожээ.

Тиймдээ ч Тэнгис Туулайт аралд очиж Хагдай бөөтэй амьдарч, Мэндээ шанал хүслийн сэжүүрээр холбогдсон ч монголчуудын язгуур гарвалтай холбогдох Алтан Махгал, хасбуу тамганы эрэлд хатаж, Хавт Хасарын удмын Алтан-Уул эмч монголчуудын уламжлалт бариа заслыг хүндэтгэн ирсний учир бидний мартах, үл мартахын заагт очин тайлагддаг.

Түүний зохиолын дүрүүд ихэнхдээ тэрслүү, дураараа, эсвэл дүйнгэ, эмгэгт өртсөн байх аж. Бүр “Цасны роман”, “Хэвтрийн хүн”-д ч “хэн ч биш” гэсэн дүр ч бий. Хахаха ч бил үү. Нэр шигээ тэд мөн зохиолд ч “хэн ч биш” байдаг нь бүр сонин. Гэвч зохиолуудынх нь дүр болоод агуулгаас ажиглагддаг давталтыг энд тэмдэглэх нь зүй биз.

Түүх домгийн сэдвээр сүлдэг, баатрууд ямар нэг зүйлийн эрэлд гардаг, тэгэх шалтгаан нь ямар нэг бүсгүй, эсвэл сэтгэл зүрхнийх нь эмгэг болсон ямар нэг бүсгүй байх, дүрүүдийн хувь тавиланд ямар нэг далдын дуудлага нөлөөлдөг гээд дотоод уур амьсгалаараа ижилсэж буй нь зохиолчийн өөрийнх нь сонгосон зам биш бол өөрийгөө давтаж буйн шинж болж таарах биз.

ДОЛОО ДАХЬ ТӨГСГӨЛ

Уг нь энэ хэсгийг “Үхлээс ирсэн зохиолч” гэж нэрлэхээр бодож байв. Эхний гурван романых нь талаар нийтлэл хэвлүүлсэн нэгэн шүүмжлэгч орчин үеийн утга зохиол дахь “Зохиогчийн үхэл” гэсэн үгийг ашигласныг олж уншаад л ийм бодол төрж билээ. Түүний эхэн үед бичсэн гурван роман болон мета романуудад нь зохиолч ямар ч оролцоогүйгээр тайлбарлал, тайлалгүйгээр явдаг нь сайхь шүүмжлэгч түүнийг постмодерн зохиолчоор томъёолоход хүргэсэн биз.

Харин 2010 оноос хойших романуудад тэр дахин амилж, зохиолдоо хэт оролцоотой болж ирснийг “Судасны чимээ” роман бүр ч тод илтгэнэ. Үүнийг орчин үеийн хүүрнэл зохиолын бичлэгийн чиг хандлагад, эсвэл зохиолчийн “хэтийдсэн” мэдлэгтэй холбон ойлгох уу гэдэг нь өөр хэрэг. Монгол орчин үеийн уран зохиолын нүүр царай гэсэн дулдуй дүгнэлтээс илүүтэй Г.Аюурзанын зохиол дахь өнөөгийн монгол хүний сэтгэлгээ, соёлын нөхцөл, алдарч буй элементүүд, сэтгэлгээний онцлог зэрэг үнэт зүйлсийг онцлох нь зүй биз ээ.

--

--

Byambanyam Urtnasan
Byambanyam Urtnasan

Responses (1)